Saturday, October 11, 2014

4 хүртлэх настай хүүхдийн хөгжлийн онцлогууд ба зөвлөмж

4 хүртлэх нас   (37-48 нас )
4 хүртэлх настай хүүхдийн сонсох чадварын онцлог
  • Хүүхэд үгийн зөв, буруу дуудлагыг ялгах чадвартай болно.
  •  Үгэнд урт, богино эгшиг орж байгааг ялгаж сонсоно (цас-цаас, хол-хоол, тос-тоос г.м)
  •  Авиа, үгийг хүртэж сонсох чадварт ахиц гарсан байна.
  •   Ойролцоо дуудлагатай үгсийг ялгаж сонсоно (сар-шар, зам-жам, дух-тух г.м).
  •  Хүмүүсийн яриаг анхааралтай сонирхон сонсоно.
  •   4 насанд хүүхдийн анхаарал ой тогтоолт нь эрчимтэй хөгжиж ирдэгтэй холбоотойгоор сонссон зүйлээ амархан тогтооно.
  •   Энгийн хялбар хэллэгтэй дөрвөн мөрт шүлгийг сонсоод төвөггүй тогтоодог болсон байна.
  •  Хүмүүсийн яриан дахь өргөлт зогсолтыг ялгаж сонсох чадвартай болно.
  •   Ярианы аялга, хэмнэлийг ялган сонсоно.
  •   Амьтдын дуу хоолойг сонсоод даган дуурайх чадвартай болсон байна.



Зөвлөмж
  •  Урт, богино эгшигтэй үгийг тод, удаан, зөв хэлэх, давтан хэлүүлэх
  •  Ойролцоо дуудлагатай үгсийг  ялгаж дуудах дасгал хийх
  •  Хүүхэдтэй хамт аудио бичлэг, радио, зурагтаар үлгэр сонсох, үзэх, үйл явдлыг нь харилцан ярилцах
  •   Хүүхдэд үлгэр ярьж, ном уншиж өгөх хугацааг аажим уртасгах
  •   Зохиолд гарч байгаа урт богино, ойролцоо дууддаг үгийн ялгааг нь ярилцах  (цас-цаас, хол-хоол, тос-тоос г. м)
  •   Сэтгэл хөдлөлийг хэрхэн дүрсэлснийг хүүхэдтэйгээ ярилцах, баярлах, айх үед хүнээс ямар дуу авиа гардагийг хэлж дуурайх.
4 хүртэлх настай хүүхдийн ярих  чадварын онцлог
  •  Хүүхдийн авиан дуудлага нь өмнөх насыг бодвол сайжирсан байна.
  •  Хүүхдийн яриа тод, ойлгомжтой болно. Хүүхэд үгээр илэрхийлэгдэх мэдээллийг ойлгож, өөрийн санаа бодол, мэдрэмжээ янз бүрээр илэрхийлнэ.
  •   Хүүхэд ярихдаа үйл явдал, хүмүүсийн зан авир, харилцаа гэх мэт олон зүйлийг шууд хуулбарлан дамжуулна.
  •  Нийлмэл өгүүлбэрийг яриандаа хэрэглэнэ. Бусдын яриаг сонсоод эргүүлэн ярих оролдлого хийнэ.
  •  Сонссон үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр ярина. Би өөрөө, би чадна гэсэн хандлага ярианд нь илэрнэ. Энэ хэнийх вэ? Ямар юм бэ? гэсэн асуултыг тавина.
  •   Насанд хүрэгчдийн үүрэг даалгаврыг сайн ойлгож, биелүүлэхдээ дуртай байна. Сайн мэддэг үлгэр, зохиолоо жүжиглэн тоглох сонирхолтой байдаг. Хүүхдийн өгүүлэхүйн эрхтэн өмнөх насыг бодвол хөгжсөн байх бөгөөд амаа том нээж чаддаг, хурдан, удаан ярьж чаддаг болно.
  •  Энэ насны хүүхэд идэвхитэй ярьдаг болсон байна. Ярихдаа дүрмийн талыг сонирхон зөв ярихыг хичээнэ. Яриандаа тэмдэг нэр, тооны нэр, орон зайн байрлалыг илэрхийлсэн үгсийг өргөн хэрэглэнэ. Өгөгдсөн сэдвийн дагуу бага хэмжээний үлгэр зохиох чадвартай болсон байна.
Зөвлөмж
  •  Юмсын шинж чанар, онцлогийг тайлбарлах, өөрөөр нь хэлүүлэх
  •   Хүүхдэд үлгэр, зохиол уншиж өгөх, уран зохиолын хэлээр зөв ярьж сургах
  •  Тодорхой, сэтгэл хөдлөлөө илэрхийлэн, яаралгүй ярих тал дээр анхаарах
  •  Томчуудын ярианд оролцох нь зохимжгүй гэдгийг хүүхдэд аятайхан ойлгуулах
  •   Хүүхэдтэй өдөр бүр бусад хүүхдийн болон өөрийнх нь хийсэн сайн үйлийг ярилцаж байх
  •   Цаг хугацааг илэрхийлсэн үйл явдалтай цуврал зургийн дагуу яриулах, харилцан ярилцах
  •   Үлгэр яриулах, дүрд хувиран хамтран тоглох
  •   Хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн нэвтрүүлэг, кино үзүүлж утга санааг нь яриулах
4 хүртэлх настай хүүхдийн унших бэлтгэлийн онцлог
  •   Энэ насны хүүхэд номын зураг, үсгийг зөв харуулж байрлуулан хэрэглэнэ.
  •   Хэвлэмэл зүйлүүдийг ялгана (ном, сэтгүүл, хуанли, тэмдэглэлийн дэвтэр, сонин г.м).
  •   Дүрсээр юу тэмдэглэснийг тайлбарлана. Олон нийтийн газар хэрэглэдэг тэмдэг тэмдэглэгээг танина (бие засах газар, эмнэлэг, орц, гарц, шат, зам г.м).
  •   Энэ насанд дүрслэх сэтгэхүй нь эрчимтэй хөгжиж энгийн схем зургийг ойлгодог болно.
  •    Танил үлгэрийн үйл явдлыг дүрсэлсэн зургийг зөв дараалуулан байрлуулж чаддаг болно.
  •    Насанд хүрэгчдийн уншиж байгаа зохиолын үйл явдал, дүрийн сэтгэл хөдлөлд анхаарлаа төвлөрүүлэн сонсох чадвартай болно.  Танил номоо сонирхон үзнэ.
  •    Номын зургийг анхааралтай ажиглаж, үйл явдал, сэтгэл хөдлөлийг нь тодорхойлон дүрсэлнэ.
  •   Сайн мэддэг зохиолынх нь хэсгээс уншиж өгөхөд ямар зохиол, үлгэр болохыг тааварлан хэлдэг болно.
Зөвлөмж
  •   Хүүхэдтэйгээ ном үзэх, номтой хаьцаж сурахад туслах
  •   Хүүхдийн насны онцлогт тохирсон номыг авч өгөх
  •  Үлгэр, өгүүллэг уншиж өгөхдөө шинэ үг мэдүүлэх, утгыг нь тайлбарлах
  •   Мэддэг үлгэрийнх нь зургийг өгч, үйл явлын дарааллын дагуу яриулах
  •   Уран зохиолын хэлээр яриулах талаас нь анхаарах
  •   Ярианы соёлыг төлөвшүүлэх, зөв цэгцтэй яриагаар үлгэрлэх
  •   Хүүхэдтэй хамт ном уншихдаа хаанаас эхлэн уншиж, хаана нь дуусч байгаагаа өнгийн наалт ашиглан тэмдэглэх
  •   Зугаалгаар явахдаа гудамжны тэмдэг, тэмдэглэгээг ажиглаж ярилцдаг байх (замын тэмдэг, галын аюултай, цайны газар г.м)
4 хүртэлх настай хүүхдийн бичих бэлтгэлийн онцлог
  •  Муруй, тахир зэрэг янз бүрийн зураас зурна. Өгөгдсөн дүрсийг хуулбарлаж зурна.
  •  Хэлбэр дүрс зурна (дугуй, гурвалжин, дөрвөлжин г.м). Бичиг нь тодорхой санаа агуулдаг гэдгийг мэднэ.
  •  Харандаа, бийрийг зөв барьж, хэрэглэж сурна. .
Зөвлөмж
  •  Хүүхдэд бичгийн хэрэгсэл, цаас, хавтан, самбар бэлтгэж, зурах, бичих үйлдлийг дэмжих
  •  Хүүхдээр тодорхой загварын дагуу дүрс зурах, дүрсийг хүрээлж зурах, хээлэх дасгал хийлгэх
  •  Хүүхэдтэйгээ хамтран хэн нэгэнд урилга, мэндчилгээ, захидал бичих,
  •  Бичсэн захидлыг уншиж өгөх.

No comments:

Post a Comment