Хүүхдийн сониуч занг хөгжүүлэх нь
Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж, түүнийг “нээх” гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн сониуч зан хөдлөх үе хүнд тохиодоггүй.Эргэн тойрондоо байгаа бүхий л юмсыг сонирхдог сониуч хүүхдүүд үеийнхээ бусад хүүхдүүдээс хамаагүй хурдан хөгжиж байдаг. Харин эцэг эх та хүүхдийнхээ санааг тусган авч, шинэ сэдвийг сэдэж, тэдний сониуч зан, судлах хүсэл тэмүүллийг нь өдөөх хэрэгтэй. Энэ нь зөвхөн ухаантай, хөгжилтэй хүнийг бий болгоод
зогсохгүй гэр бүлийн гишүүдийг ойртуулан дотносуулдаг. Та хүүхдийнхээ бага насны үед найз нь болж чадвал, түүний амьдралын хамгийн эгзэгтэй, бэрхшээлтэй үе болох өсвөр насанд нь ч найз хэвээрээ үлдэж чадна.
Хүүхдэд тань ямар нэгэн орчин тойрны зүйлс, үзэгдлийн тухай асуулт гарч ирэнгүүт, зөвхөн түүний асуултад хариулах бус, тухайн юмс, үзэгдлийн өвөрмөц онцлог шинжийг үзүүлэхийг зорьсон нь дээр. Яагаад гэвэл бодит зүйлс, жишээ нь амархан тогтоогддог, тэгээд ч эцэг эхтэйгээ хамтран хийсэн судалгаа шинжилгээ нь түүний хувьд хамгийн аз жаргалтай дурсамж болон үлддэг.
Жишээ нь: Хүүхэдтэйгээ хамтран гэрийн нөхцөлд галт уулын дэлбэрэлтийг хийж, галт уулын тогооноос лав хэрхэн оргилж байгааг үзүүлж болох юм. Үүний тулд 6 аяга гурил, 2 аяга давс, 2 аяга ус, 4 халбага ургамлын тос орсон зуурмаг бэлдэнэ. Ундааны савыг зуурмагаараа уул болгон шаван, амыг нь онгорхой үлдээнэ. Савыг бүлээн усаар дүүргэж, жаахан хүнсний будаг цацна. Мөн 6 дусал аяга угаагч бодис, 2 халбага хүнсний сода нэмнэ. Дараа нь уксус аажмаар хийгээд, холхон авулгүй зайд очиж зогсоорой. Галт уул дэлбэрэхэд бэлэн боллоо. Дараа нь хүүхэдтэйгээ галт уулын тухай ярилцаарай.
Бороо хэрхэн ордгийг хүүхэддээ тайлбарлахын тулд дөнгөж буцалсан устай, тагтай сав байхад л хангалттай.
Шинэ шинэ туршилт сэдэж хийснээр та хүүхдээ хамтын ажиллагаандаа татан оролцуулж, түүнийг юмсыг судлан шинжлэх, дүгнэлт хийхэд сургана. Таны бяцхан хүү ирээдүйд агуу эрдэмтэн болох ч юм бил үү. Хэдийгээр хүүхэд тань шинжлэх ухааныг сонгохгүй ч байсан хүүхдийнхээ сониуч зан, орчин тойрноо мэдэх гэсэн тэрхүү тэмүүллийг нь зөв залсан эцэг, эх та түүнийг амьдралд нь тохиолдох ямар ч асуудал, юмсын учир шалтгааныг олж чаддаг, сэтгэхүйн өндөр чадвартай хүн болгон хүмүүжүүлсэн гэдэгтээ итгэлтэй байх болно.
No comments:
Post a Comment