Wednesday, November 12, 2014

Хүүхдийнхээ ирээдүйг тоглож нааддаг тоглоомноос нь асуу!


Тоглоомоор дамжуулж хүүхдээ төлөвшүүлдэг, хөгжүүлдэг туршлага дэлхий нийтэд байна. Тоглоом нь бие бялдар хөгжүүлэх, оюун ухаан тэлэх, сэтгэлийн хат тэвчээр суулгах, ёс дүрэмд суралцуулах гээд олон талын ач холбогдол агуулж байгаа юм. 
Тоглох хэрэгцээ нь хүнд байгалиас заяамал зүйл гэдэг нь ойлгомжтой. Хүүхэд хэнээр ч заалгалгүйгээр тоглож эхэлдэг шүү дээ. Бидэнд бас тоглох хэрэгцээ бий. Хааяа хэн нэгнийг шоглож, даажигнамаар ч юм шиг, босож дэгдэж гүймээр ч юм шиг, тэвэг өшиглөж, дээс тогломоор ч юм шиг санагдах үе байдаг нь энэ хэрэгцээгээ хангахгүй буйг илтгэж байна. Тоглож байх үед хүн жинхэнэ унаган төрхөөрөө, төрөлх араншингаараа, байгалийн зөнгөөрөө байж чаддаг гэдэг.
Байгалийн зөнгөөрөө байх үе нь хүнд асар их сэтгэл ханамжийг өгдөг байх юм. Тэр бүр бид
ийм байж чаддаггүй. Тиймээс тоглоомыг ажилчдын стресс тайлах, сургалт зэрэгт ашиглахад үр дүн сайтай байдаг.

Эргээд бодоход хүүхэд байхад тоглож байсан тоглоомууд маань их олон зүйлийг надад өгч дээ гэж бодогддог юм. *Есөн түлхүүр* гэдэг 2-ын 9 зэрэгт = 512 үйлдэл хийж түлхүүр мулталдаг нэгэн тоглоом байдаг. 7 түлхүүртэй нь 2-ын 7 зэрэгт = 64 үйлдэл хийж түлхүүр мулталдаг гэх мэт. Энэ тоглоомын хувьд нэг үйлдлийг уйгагүй давтдаг учир тэвчээртэй, тууштай зан чанарыг төлөвшүүлж, төвлөрөх чадварыг хөгжүүлдэг гэж би боддог. Бас чулуу болон шагай таалцах тоглоом бол зөн билиг, тооцоолох чадварыг хөгжүүлдэг гэж боддог. Одоо бол айл бүрд энэ тоглоомууд байхгүй л байгаа байх л даа. 
Тоглоом бол нэгэнт хэрэгцээ учраас, эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ багаас нь тоглодог тоглоомыг учиртайхан сонгож өгч, тайлбарлан ойлгуулж өгвөл, хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй томхон хөрөнгө оруулалт гэж бодогддог. Хэрвээ хүүхэддээ тоглох тоглоомоо сонгоход нь туслахгүй бол хүүхэд тань юу таарснаараа тоглож, дурлаж, донтож ч болох юм. Тухайн үед нь анхаарал халамж тавьж зөв чиглүүлж, зааж зөвлөөгүй атлаа хэзээ хойно буруу тоглоомоор будаа тээсэн хойно нь халаглаж, өөрөөсөө биш өөр хэн нэгнээс буруу хайж, бухимдан суух цаг ирэх вий!
Бид хүүхдэдээ жаахан гэсэн анхаарал тавьчихвал, ирээдүйд араас нь санаа зовох хоногийн тоо тэр хэмжээгээр багасана гэж би боддог.
Сагсан бөмбөгт угаасаа л дургүй нэг аавыг би таньдаг юм. Тэгсэн нэг өдөр хүүтэйгээ хамт сагс тоглож байна. Дараа нэг таарахаараа асуулаа, “Чи хэзээ сагсанд дуртай болчихдог билээ?” гэсэнд, “Би сагсанд дургүй ээ, гэхдээ хүүдээ хайртай” гэж хэлсэн. Би тэр ааваар бахархсан. Хүүгийнхээ төлөө дургүй зүйлээ хийж чадсанд нь. Би тэгж чадах байсан болов уу даа?...
Нэг яриа байдаг даа...
Хүү нь жаахан байхдаа, Ааваасаа,
- Ааваа хоёулаа тоглох уу? 
- Аав нь завгүй байна аа?
- Ааваа, би тань шиг хүн болно, тийм ээ.
- Тийм ээ, миний хүү.

... Хүү нь 15 нас хүрлээ. Ааваасаа,
- Ааваа, энэ хичээлийг хэлээд өгөөч?
- Аав нь завгүй байна аа?
- Ааваа, би тань шиг хүн болно, тийм ээ.
- Тийм ээ, миний хүү.

... Хүү нь Оюутан боллоо.
- Ааваа, би тантай найз охины талаар ярилцмаар байна.
- Аав нь завгүй байна аа?
- Ааваа, би тань шиг хүн болно, тийм ээ.
- Тийм ээ, миний хүү.

Хүү нь гэр бүлтэй, хүүхэдтэй боллоо. Энэ үед аав нь өвөө болсон байлаа...

Харин энэ удаа Аав нь хүү рүүгээ залгаж,
- Миний хүү, хоёулаа уулзаж гэр бүлийнхээ талаар жаахан ярилцах уу?
- Би завгүй байна аа!!! ........ !!!!
... Яг аавтайгаа адил хүн болсон байгаа биз...

Яриа минь тоглоомоос эхэлсэн болохоор саяхан Бельгиэс ирсэн нэг жуулчны авчирсан олон төрлийн тоглоомоор нь тоглож үзлээ. Герман, Бельги гэх мэт Европын орнуудын оюуны тоглоомууд байсан юм. Тэр дундаас картан 2 тоглоом гойд сэтгэлд нийцэв. Ямар ч насны хүн тоглосон сэтгэлзүйд таатай мэдрэмж төрүүлж, толгой сэргээж, ой тогтоолт, анхаарал сайжруулах, хамт олны сайхан уур амьгал бий болгох, үр нөлөөтэй юм билээ. Өнгө, үзэмжний хувьд ч хүүхдийн сонирхлыг татахуйц агаад үр дүн нь эерэг. 

Ер нь европын орнуудын оюуны тоглоом ч өндөр түвшинд хөгжсөн байгаа нь анзаарагдсан. Тэр тоглоомоос суралцах зүйл их байна лээ. Бас тогломоор ч юм билээ. Хүн ч хөгжиж өөрчлөгддөг, тоглоом ч мөн адил. Тиймээс зарим нэг тоглоомоо хөгжүүлж шинэчлэх, бусдын тоглоомын давуу талаас суралцах талаар бодон сууна.

Хамгийн бүтээлч, чадварлаг хүмүүс тоглоом наадгайн талаар:

“Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын нэн зайлшгүй хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн хэрэглүүр байдаг. Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог бөгөөд энэ нь өөрийг чинь, улмаар эх орныг тань хөгжүүлэх гол хэрэгсэл тоглоом наадам гэдгийг танд маш энгийн ойлгомжтойгоор сануулж байгаа хэрэг”.

“Тоглоом бол хүнд их баяр цэнгэлийг төрүүлнэ. Энэ баяр цэнгэл нь гоо зүйн, ажил бүтээлийн, ялж дийлсний гэж байдгаараа ажлын амжилттай их төсөөтэй юм. Тоглоомд:
- Хүн тоглохдоо түүндээ бүх анхаарлаа хандуулж зохион бүтээх, зохиосон зүйлээ янз бүрээр өөрчлөх сайжруулах явдлыг хослохыг
- Нэг зорилтыг биелүүлж байж нөгөөд шилжихийг
- Тоглоом бүрд, ирээдүйд хэрэг болох бүхнийг сонгож чаддаг, наадгайгаа хайрлаж хамгаалж чаддаг болохыг шаарддаг байсан нь практик ач холбогдолтой хэвээр байна.” хэмээн хэлэлцдэг ажээ.


ТОГЛОНГОО ХӨГЖИЦГӨӨЕ 
Улс орны ирээдүйг хүүхдээр нь
Хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор шинждэг.

Таны хүүхэд яг одоо ямар тоглоомоор тоглож байна вэ... ?!

No comments:

Post a Comment